
Иргэдийн хуримтлалын сангийн орлого нэмэгдлээ
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн. Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн байгаа аж.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


