
Э.Харцага:Нэг сонин гарахаас, нөгөө сонин гарахын хооронд АМЬДРАЛ буцалж байна
Монгол улсад гэрэл зураг үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ удаагийн "Амьдралын амт"-ын зочин хойморт "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Э.Харцага уригдан оролцлоо.

Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаатарын Харцага гэдэг. Би 10 жилээ нэгдүгээр хорооллын 80 дугаар сургуулийг төгсөөд, Их Монгол дээд сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа "Сэрүүлэг" сонин, "Шар" сонинд ажиллаж байгаад төгсөнгүүтээ "Өнөөдөр" сонинд 2001 онд ажилд орж байлаа. Өнөөдрийг хүртэл энэ сониндоо ажилласаар байна. Ерөөсөө л энэ гэрэл зургаар амьдарч, амьсгалж зөвхөн орондоо л камераасаа салж байна. Гэхдээ миний орны хажууд камер байж л байдаг. Хэзээ ч утсаа унтраадаггүй, учир нь сониныхоо гэрэл зургийн албыг түүчээлж яваа тул надад таслах эрх байхгүй, ийм нэгэн энгийн гэрэл зурагчин залуу байна.
Би оюутан байхдаа "Сэрүүлэг" сонин, "Шар" сонинд ажиллаж байлаа. Нэг л их сенсацтай зураг аваад л, ёстой алаад байх юм байх гэж бодсон чинь бодит амьдрал дээр хэцүү юм байна билээ.
-С.Зориг агсан нас бараад би гэрийнх нь гадаа хоёр өдөр папарацид явж үзэж байлаа. Тэгээд тэр үед эхнэр нь гарч ирсэн юм. Тэр үед би 20,30 кадр авсан байх. Ирээд халсаа угаагаад үзэхэд нэг ч фокус байгаагүй...
Өөрийг чинь спортын гэрэл зурагчин хэмээн төсөөлж байлаа
-Спорт бол "Миний зургийг ёстой гоё авч байгаа байх" гэж тухайн тамирчин бодохгүй шүү дээ. Тамирчин бол өрсөлдөөнөө л гаргана, би зөвхөн зургаа л авна. Тэгж байхад тэр дундаас чинь аягүй гоё зураг гардаг байхгүй юу...Түүнээс аль нэг улстөрчийн тавилттай, хиймэл, гэрэл тавьчихсан зурагнуудаас илүү надад спортын яг тэр Уйлж байгаа, Ялж байгаа, Ялагдаж байгаа агшинг авах хамгийн гоё байдаг. Гуанжоугийн азийн наадамд би очиж байлаа. Тэгсэн манай Жүдогийнхон байдаггүй, Боксынхон маань байдаггүй медаль авч чаддаггүй, хамгийн сүүлийн гурван өдөр чөлөөт бөхийн барилдаан болсон юм. Тухайн үед Г.Мандахнаран аварга аваад л, үнэхээрийн гоё барилдаан болсон. Японы алдарт бөхийг ялаад л...Тэр үед би аваргын зургийг аваад ганцаараа зогсож байлаа. Тэр үед хоёрт орсон Японы тамирчныг хорин гэрэл зурагчин дагачихсан зургийг нь авч байсан. Япончууд тамирчиндаа тийм л их итгэл хүлээлгэсэн гэсэн үг.
"Гамма" агентлагийн гэрэл зурагчин агсан Батзориг ах маань "Гэрэл зураг биднийг мөнхөлнө, Бид нар үлдэх юмтай болсон" гэж хэлсэн байдаг шиг би одоо мөнх наслахгүй шүү дээ. Гэтэл миний авсан зургууд бол байж л байна. / Нэг залруулга хийе Батзориг ахын нэрийг би ярилцлага өгөхдөө Ганзориг/ ...хэмээн андуурав уучлаарай
Сошиал хөгжөөгүй байхад гэрэл зураг асуудал шийддэг байв, Эргээд харахад юу бодогдож байна? Өөрийн чинь дарсан кадр олонд хэр хүрэв?
-Хуучин би зургийг хараад шууд аваад байдаг байсан байна билээ. Харин сүүлд би тархиараа авдаг болчихсон байсан. Зураг авахдаа яаж отох уу? яаж найруулах уу? яаж агшинг хүлээж авах уу? гээд зургаа бүр хийдэг болчихсон байсан. Одоо надад 25 орчим шагнал байна. Энэ шагнал бол 2008-2012 оны хооронд буюу яг тэр зургаа тархиараа авдаг байсан үедээ авсан байдаг.
Хүчирхийлэлд өртсөн охины зургийг авч байлаа. Нарны зам дагуу траншейны нүхэнд нэг охин нөмгөн дээлтэй, нүцгэн биен дээрээ дээл өмсчихсөн, траншейн руу орж гараад л...дотроос нь баахан эрэгтэй хүмүүс ч орж гараад л...архи уугаад согтуурхаад л... Тухайн үед би зургийг аваад сонинд нийтлээд, гэрэл зургийн уралдаанд орж түрүүлээд, тэгсэн цагдаагийн газар, хүчирхийллийн газраас холбогдоод энэ зургийг хаана авсан зураг вэ? үнэн зураг юм уу? бодит зураг юм уу? гэж асуугаад л тэр охиныг хайж олж аврах хөдөлгөөн өрнөж байлаа. Энэ мэт гэрэл зургаар нийгэмд их цочроо өгөх, үр бүтээлтэй ажлууд нэлээд хийгдсэн байдаг.
Утсаа ч унтраалгүй хариуцлагатай ажилдаг гэж дээр хэлсэн шүү дээ? Тэгвэл өөрөө ар гэртээ хэр хариуцлагатай хүн вэ?
-Бага хүү, том хүү энэ жил урлагийн үзлэгтээ нэг, нэг том дүр бүтээсэн. Чигтэйхэн гоё хувцастай гэхдээ би очиж чадаагүй...хоёуланд нь очиж чадаагүй. УРЛАГИЙН ҮЗЛЭГ нь болж байхад... Тэгээд ханиа хааяа өвдөх, баярлах үед нь тэр болгон хамт байж чаддаггүй. Тэр бас жаахан тиймхэн. Гэхдээ үүнийг манай эхнэр маш сайн ойлгодог. Манай эхнэр сэтгүүлч хүн болохоороо л ойлгож хүлээж авдаг байх гэж би боддог.Тэрнээс өөр хүн тэсэхэд хэцүү байх. Энэ утгаараа би өөрийгөө сайн хань, сайн аав гэж боддоггүй. Нэг сонин гарахаас, нөгөө сонин гарахын хооронд амьдрал буцалж байна даа...
Ажлын төмөр шүүгээнд нь олон камер байна? Анх ямар камер барьж байв?
-Ц.Балдорж эрхлэгч тухайн үедээ их мундаг хүн байсан. Яагаад гэдгийн тод жишээ бол гэрэл зургийн студийг аймар байгуулсан байхгүй юу... Тухайн үед Тоошко, Энхжаргал,Чимгээ, Чулуун гуай Байгалиа шиг том том гэрэл зурагчдыг авчраад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй гэрэл зургийн студи байгуулж өгөөд тэд нар нь жолоочтой, машинтай хөдөөгүүр сайн явдаг байлаа. Ер нь тийм сонин одоо ч байхгүй, одоо суурь нь манай компанид бол байсаар л байна. Нэг хэсэг бараг худлаа хэлсэн хүнд "Өнөөдрийн гэрэл зураг" их хүчтэй байлаа.
Хогийн цэг дээр очоод камер гаргаад зураг авна гэдэг аягүй эвгүй байдаг байхгүй юу? Нохой тавина, чулуу, шил шиднэ. "Хогийн цэг" чинь бүр хуульгүй газар шүү дээ. Тэгээд тэнд очсон хүмүүс хөөж туугаад тун эвгүй байна. Хараад байсан нэг ах хүү гэр бүлээрээ байгаа бололтой харагдсан.Тэр ах дээр очоод:
-" За ахаа би танд мөнгө өгье" эр хүнд чинь мөнгө хэрэгтэй надад нэг тоорт байна. Та энэ тортыг хуваагаад идэж байхгүй юу? Миний зорилго бол "Хогийн цэг дээр ч гэсэн, аз жаргалтай гэр бүл" байдаг гэдгийг нийгэмд харуулах зураг хэрэгтэй байна гэж хэлтэл тэр хүн аймар баярлаад өө тэгье л дээ ямар гоё юм гээд зөвшөөрч байлаа. Би тэр үед хогийн цэгт хоёр хүү аавтайгаа торт идээд үнэхээр баярлаад сууж байгаа зураг аваад тэр хүнд мөнгө өгчхөж байгаа юм.Энэ бол зургийг хийж байгаа юм.Тэгээд дараагаар нь ярилцлага аваад, мэдээллүүдээ авчсан.Тэр зургийн гарчиг нь " Аав миний тортыг авчруулах гээд ачааны машинаар авчруулсан" гэсэн тайлбартай...тэгэхэд тэр зураг сошиалд 25000 like аваад, 5000 share аваад "Жүр үр"-ийн уралдаанд түрүүлж байлаа.
Гэрэл зураг хар бараантай, хүний амьдрал ч мөн адил...Амьдралын бараан зураглалыг хэрхэн даван гарч байв?
-Би ер нь хорин нас хүртлээ өвчин гэж юу байдаг, үхэл хагацал гэж юу байдаг гэдгийг ер мэдэхгүй байсан. Тэгээд хорин нас хүрээд өвөөгөө алдаад, төд удалгүй ээжийгээ алдаад үзэх ёстой зовлонгийнхоо гол ачааг үүрчихсэн юм болов уу гэж боддог. Тэр л их хүнд байсан. Хүний газар ээж чинь нас барчихсан гэх мэдээг дуулахад би БНСУ-д их олуулаа байсан. Найзуудтайгаа цуг. Тэр үед хөөх би ээжийгээ алдчихлаа гээд найзууддаа хэлтэл хүмүүс бүр гайхаад байсан. Чи чинь уйлдаггүй юм уу гээд...Юун уйлах би бүр уйлж чадахгүй байсан. Уйлбал уйлмаар л байсан. Уйлж чадахгүй болтлоо харамссан. Яагаад гэхээр би айлын ганц хүүхэд, аав маань жаахан уудаг, одоо ч гэсэн уусаар л байгаа. Амьдралд ачаа их бага үүрчихсэн. Манай ээж бүх ачааг нуруун дээрээ авч байсан.Тэр үед ээжийгээ алдсан гэхээр л ......
Ээж над руу нэг ярьж байсан юм. За миний хүү ээжгүй болох нь дээ гэхэд нь би ээждээ "Ээж та алимын мод тарьчхаад яг ургацаа авах болохоор нь нас барчихлаа даа. Хүү нь удахгүй очно доо гэж ярьж байсан нь сэтгэлд тод үлдсэн байна.
Би мөнх наслахгүй, Харин миний авсан зураг байж л байна...

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

