
МАН хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол, Намын бусад гишүүд намаас гарахаа мэдэгдлээ
МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөсөнтэй холбогдуулан парламентад анх сонгогдсон гишүүд мэдээлэл хийлээ.

М.Бадамсүрэн: -Хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Хэрвээ хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд УИХ дах МАН-ын бүлгээс цаашлаад намаасаа гарах хүртэл шаардлага тавина гэдгээ мэдэгдэж байна. Шударга бус, ижил тэнцүү үйлчлэхгүй байгаа Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ эргэж харахгүй бол бид дараагийн шатны арга хэмжээг авна.
Д.Энхтүвшин: -МАН-ын хувьд 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө авилгатай тэмцэх заалтуудыг маш тодорхой зааж өгсөн. Өчигдрийн Хяналтын ерөнхий хороон дээр болсон үйл явдлаас харахад тэнцвэргүй үйл явдал болж, авилгатай холбоотой асуудал ярьсан хүн нь буруудаж байна. Тэнд хоёр хүний асуудал яригдаж байна.
Нэгдүгээрт, Б.Энхбаяр гишүүнийг худал мэдээлэл өгсөн гэдэг.
Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан даргатай холбоотой асуудал.
Хоёр хүний асуудал яригдаж байхад гэм буруугийн зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчилж, хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэдэг зарчим нэг хүн дээр нь үйлчлээд нөгөө хүн дээр нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд харамсаж байна. Энэ шийдвэрийг МАН-ын бүх гишүүдийн санал гэж бодохгүй байна. Хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж хэлмээр байна. Бидэн дээр нэмэгдэх гишүүд ч бий. Энэ нь МАН авилгатай тэмцэх тэмцлээсээ ухарч байна гэсэн ойлголт, мөн нийт гишүүдийн итгэл үнэмшлийг илэрхийлж чадахгүй байна гэж бодож байна. Шүүхээр шийдэгдсэний дараа энэ асуудлуудыг ярих ёстой.
З.Мэндсайхан: -Өнгөрсөн 2024 оны Хөгжлийн банк болон нүүрсний сонсголыг тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр удирдаж авлигатай, хулгайтай тэмцэх асуудлыг нийгэмд дэлгэж тавьсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ард түмний хүсэж байсан шударга ёсыг тогтооход манлайлан ажилласан. Өнөөдөр бид энэ зарчмаасаа ухарч байна. МАН-ын гишүүнийг түдгэлзүүлэх хэдхэн заалт байгаа. Гэтэл Б.Энхбаяр гишүүнийг тэр хэдэн заалтад хамрагдахгүй бүр хулгай байгааг ил хэлснийхээ төлөө МАН-аас хөөгдөнө гэдэг байж болохгүй асуудал.
Хоёрдугаарт, Хяналтын ерөнхий хорооны дарга Үндсэн хууль зөрчөөд давхар албан тушаал эрхлээд явж байна. Энэ хүний гаргаж байгаа шийдвэр эрх зүйн чадамжтай юу. Энэ бүгдийг эргэж харах ёстой. Ард түмний амьдрал хүнд байна. Үүний цаана авлигалын асуудал байгаа. Намаар дамжуулж дарангуйлал тогтох гэж байна. Үүнтэй бид эвлэрэхгүй. Шударга ёсны төлөө тэмцсэн гишүүдээ хөөж гаргадаг дарангуйлал байж болохгүй.
Б.Заяабал: -Хяналтын ерөнхий хороо мэдээлэл өгсөн УИХ-ын гишүүнийг намаас хөөсөнтэй холбоотой нам доторх хагарлын үүд хүчтэй нээгдэж байна. МАН-ын 30 дугаар Их хурлын үндсэн шийдвэр бол шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх байсан.
Л.Соронзонболд: -МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрээ эргэж харах ёстой.
Б.Хэрлэн: -Хяналтын ерөнхий хороо нийгэмд болж буй шударга бус зүйлийг ил гаргаж тавьсан намын гишүүндээ хариуцлага тооцож, намаас хөөж байна гэдэг тухайн хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Энэ утгаараа өчигдрийн шийдвэрийг МАН-ын бүх гишүүдийн шийдвэр гэж харахгүй байна. Цаашид энэ нам үнэнийг хэлэх дуу хоолойг хааж байна гэж үзэж байна. Энэ бол ганц намын асуудал биш Монгол Улсын эрх ашгийн асуудал учраас бид энд зогсож байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


