МАН-ын дотоод хагарал Улсын ажлыг хойш татсаар...
МАН-ын дотоод хагарал улсын ажлыг хойш чангаасаар долоо дахь хоног өнгөрч байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.06/ ээлжит хуралдаан хийх ёстой байсан ч хуралдсангүй. Үндсэндээ МАН-ын бага хурлаас хойш намын гишүүд хоёр хуваагдаж, нэгнээ үзэж чадахгүй болтлоо хөнжил дотроо хөлөө жийлцэж байна.
Тэдний хийдэг ажил нь долоо хоногт хоёр гишүүн олны өмнө гарч ирэн эсрэг тэсрэг мэдээлэл хийж, ард түмнийг төөрөгдүүлэх гинжин хэлхээг үргэлжлүүлэх болоод буй...
Харамсалтай нь улс эх орны ажил урагшлахаа больсон өнгөрсөн өдрүүдэд төрийн ордны гал тогоог МАН-гишүүд халааж, төрийн ордны гадаа багш нар, тэтгэврийн хөгшчүүл давхар жагсаж нийгмийг халааж байна.
Тэгвэл энэ долоо хоногийн гал шиг сэдэв юу байв?
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шаардлага үүссэн гэж мэдэгдлээ.Тэрээр Ерөнхий сайдыг өнгөрсөн 100 хоногт сэтгэлд хүртэл сайн ажиллаж чадаагүй гэж дүгнээд Монгол улсын засгийн газраас тайлагнаж буй тоон зураглал албан ажлын тайлагналыг Худлаа гэж уурсав. Мөн тэрээр Төрийн сангийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул цалин, тэтгэврийг хугацаанд нь тавих боломжгүй болсон, цаашлаад Монгол улс дефолтод орсон гэдэг мэдээллийг онцолсон юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд "АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ" хэмээж тэр дор нь хариу барив. Сангийн сайд мэдэгдлийнхээ эхэнд “Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн. Манай эдийн засаг эмзэг эмзэг гэхэд гурван сар дотор элгээрээ хэвтэх хэмжээний биш. Монголбанкин дахь валютын нөөц 5 тэрбум 874 сая доллар байна. Энэ нь дөрвөөс таван сарын импортын хэрэгцээг хангах нөөц юм. Ирэх долоо хоногт би Олон улсын валютын сангийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваад Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг сонсоосой гэж бодож байна гэсэн хариу дисс хийлээ
Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Сайнзориг гишүүнд хаяглаж ТОО ХУДЛАА хэлдэггүй хэмээлээ. Ямартаа ч энэ долоо хоногт сайдууд гол дүр байх нь ойлгомжтой болж байна. Харин маргааш улстөрийн гал тогоонд хэн гэдэг шинэ дүр гарч ирэх нь улс төр сонирхогчдын анхаарлын төвд үлдэж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


