Ж.Золжаргал: Нүүрсний худалдааг ил тод болгох хэрэгтэй
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Нүүрс тойрсон нам- улс төр” сэдвээр танилцуулга хийж, нүүрсний худалдааны ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал болон улс төрийн нөлөөний талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр нүүрсний худалдааг ил тод, өрсөлдөөнтэй болгохын тулд биржийн аргыг түлхүү ашиглах ёстой гэж үзэв. 2025 оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын 79 хувь нь урт хугацааны “том гэрээ”-гээр, 21 хувь нь биржээр хийгдэж байгаа нь ашиг, үр өгөөжийн тэнцвэргүй байдлыг харуулж байна гэж тэр тэмдэглэв.
Мөн “Норинко”, “Чайна Энержи”, “Чалко” зэрэг Хятадын компаниудтай байгуулсан гэрээнүүдийн үнэ, нөхцөл нууц хэвээр байгаа гэж мэдэгдэв. Харин “Чайна Энержи”-гийн гэрээ 2030 он хүртэл жилд 5 сая тонн, түүнээс хойш 20 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохирсон, нийтдээ 250 сая тонны хэмжээтэй томоохон хэлэлцээр юм.
Тэрбээр сошиалаар биржийн үнэ ба урт хугацааны гэрээний үнийн зөрөө 40 ам.долларын гэснийг иш татаж үүний тал нь тээврийн зардал гэвэл эцсийн зөрөө нь 20 ам.доллар болохыг онцлов. Гэвч тээврийн тендэрийн доогуур тариф нь монгол жолооч нарыг ашиггүй байдалд оруулж, өрийн дарамтад оруулж байгааг анхааруулав.
Үүний зэрэгцээ Монголын эрх ашгийг хамгаалахын тулд дараах “Таван алхам”-ыг санал болголоо. Үүнд:
– Нүүрсээ илүү их хэмжээгээр биржээр зарах (бирж:том гэрээ = 50:50);
– Хил хүртэл тээврийг монголчууд өөрсдөө хийх;
– Нүүрсийг чанараар нь сорчилохгүй борлуулах;
– Үндэсний үнийн индекс бий болгож ашиглах;
– Бүх гэрээг нууцаас гаргах.
Түүний илтгэлийн гол санаа нь нүүрсний худалдааг ил тод болгох, намын нөлөөг төрийн өмчит компаниудаас салгах, баялгийн эзэмшилд иргэдийг хишиг хувь хүртэгч биш хувьцаа эзэмшигч байдлаар оролцуулах гэсэн гурван чиглэлд төвлөрсөн байв.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


