УИХ жил бүрийн төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Үүний дагуу УИХ энэ долоо хоногт төсвөө батлахаар төлөвлөсөн. Хуваарийн дагуул бол ирэх баасан гаригт төсвөө батлахаар байсан юм. Харин УИХ цаг хугацаагаа шахаж хуралдсаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өнөөдөр баталлаа. 

Төсөв батлагдсаны дараа чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны төсвийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын хатуу бодлого хэрэгжиж, өмнөд хөршийн эдийн засаг саарсан, түүхий эдийн үнэ унасан үед 2026 оны Монгол Улсын нэгдсэн төслийг баталлаа. Нүүрсний үнэ огцом унасан, ургац алдсан, шатахууны нийлүүлэлт тасалдаж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар суларсан энэ үед эрх баригч нам хоёр хуваагдан талцсан нь төсөв батлах ажилд багагүй саад учрууллаа.

2026 оны төсөвт төсвийн зарлага жилээс жилд тэлдэг байдлыг таслан зогсоож урсгал зардлын тэлэлтийг хоёр хувиас хэтрүүлээгүй нь онцлогтой. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхдээ урсгал зардлыг хэвээр хадгалсан нь бас нэг онцлог байлаа.

Харин хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтод бүлэг рүү чиглүүлэх, иргэдээ хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлого үгүйлэгдэж байгааг цаашид анхаарна гэдэгт итгэж байна.

2026 оны төсвийн нийт орлогын 27 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. 2022 онд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого 4.3 их наяд төгрөг байсан бол 2026 онд 9.3 их наяд болж тэллээ. Энэ нь бидний ам нээх бүрдээ хэлдэг эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж, эдийн засаг уул уурхайгаас улам хамааралтай болж байгааг харуулж байна" гэв.