Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 23.00 цагаас 14-ний өдрийн 23.00 цаг хүртэл зогсоосон байна.
Мөн хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумдын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах зорчих хөдөлгөөн хязгаарлажээ.
Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрийн 23.00 цагаас 10-ны өдрийн 23.00 цаг хүртэл зогсоожээ.
Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.





