
Сураггүй алга болсон хүү нас барсан байдалтай олджээ
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-25
Нийтлэлийг
Cherrynews

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2025 оны есдүгээр сарын 17-нд хоёр настай хүүхэд алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дагуу төрийн албан хаагчдаас гадна олон нийтийн хамтарсан баг эрэн хайж ажилласан. Харин өнөөдөр 16.00 цагийн орчимд сураггүй алга болсон хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км зайтай газраас олсон. Харамсалтай үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ажиллаж байна. Хүүхдийн цогцос олсон газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгаж байна. Тухайн орчны хувьд мод, тал газар хосолсон газар байна. Талийгаачийн цогцост үзлэг шалгалт хийж, шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой.
ОБЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮХЭД БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧ БОЛСОН БАЙХЫГ ОЛЛОО
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр/2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.
Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.
Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс зүүн хойд зүгт явганаар шулуун явахад 9 км, бартаа саад ихтэй, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


